Жендэрийн үндэсний хорооноос Монгол цэргийн өдрийг тохиолдуулан өрнүүлж буй “Би жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна” аянд Нийслэлийн Спортын хорооны хамт олон нэгдлээ.
Уг аяныг Жендэрийн үндэсний хороо, Үндэсний статистикийн хорооны хамтарсан “Монгол улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” судалгааны үр дүнд суурилан явуулж буй бөгөөд “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах зорилгоор зохион байгуулж байна.
Монгол Улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66,11, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75,78 буюу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү нь 9,7 жил бусад дундаж наслалтын зөрүү хамгийн өндөр улсуудаас 12-рт, Ази, Номхон далайн бүсийн хувьд 2-рт жагсаж байгаа нь уг асуудлыг Засгийн Газрын бодлогын түвшинд авч үзэх цаг болсныг Жендэрийн Үндэсний хорооноос мэдэгдэж байна.
Эрэгтэйчүүдийн нийт нас баралтын 80 орчим хувийг халдварт бус өвчин эзэлж буй бөгөөд дөрвөн нас баралт тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай байна.
Бусад шалтгаанд:
28.7 хувь нь зүрх, судасны өвчнөөр,
24.9 хувь нь хавдраар,
7.6 хувь нь зам тээврийн ослоор,
5.0 хувь нь амиа хорлосон байна.
Нас баралтын шалтгааныг насны бүлгээр авч үзэхэд 15-44 насанд спиртийн хордлого, амиа хорлолт, мотоцикл, тээврийн ослоор, 45-с дээш насанд халдварт бус өвчний нас баралт зонхилж байгаа юм.
Судалгаа нь эрэгтэйчүүдийн дундаж наслалт нэмэгдэхгүй байгаа голлох шалтгаануудыг доорх байдлаар тодорхойлсон. Үүнд:
Эрэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь зөв гэж мэддэг ч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах дадал хэвшил муу байна.
Эрэгтэйчүүд эмнэлэгт очоод үзүүлэх эрэгтэйчүүдэд зориулсан кабинет байдаггүй, хэнд үзүүлэхээ мэддэггүй.
Мөн уламжлалт зан үйлээр эрэгтэйчүүд гэр орноо авч явна, хүчтэй байна гэдэг шалтгаанаар нэрэлхүү, зангаасаа болоод эрүүл мэнддээ анхаарахгүй байна.
#БИ_ЖЕНДЭРИЙН_ХЭВШМЭЛ_ОЙЛГОЛТЫН_ЭСРЭГ_БАЙНА
#ЭРЧҮҮД_ЭРҮҮЛ_МЭНДДЭЭ_АНХААРАХ
#ЭРЧҮҮД_ФИЗИОЛОГИ_БИЕ_БЯЛДРЫН_ХУВЬД_ЭРҮҮЛ_ИЛҮҮДЭЛ_ЖИНГҮЙ_БАЙХ