
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны үеэрх нийтийн тээврийн зарим чиглэлийн өөрчлөлт, зам хаах байршил болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл өглөө.
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтэд 46 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байна. Энэ жилийн хувьд 5 км-т гүйгчдийн тоо өмнөх жилүүдээс эрс өсөж 23 мянгад хүрсэн тул Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/693-р захирамжаар тус зайн маршрут болон гарааг өөрчилсөн. Улмаар 5 км-ийн зайн ангилалд нэмэлтээр усны цэгийг байгуулахаас гадна нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулаад байгаа юм.
“Улаанбаатар марафон” нь нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой олон улсын хэмжээний спортын арга хэмжээ бөгөөд жил ирэх тусам дотоод, гадаадын оролцогчдын хүрээ тэлсээр байна.
2026 онд Англи, Орос, Хятад, Япон, Кени зэрэг 42 орны 443 хүн гүйж байгаа бөгөөд Кенийн тамирчин Серой Андерсон Сайтоти 2019 оноос хойш, ОХУ-ын тамирчин Вдовина Александра Михайловна 2024 оноос хойш тасралтгүй оролцож байгаа билээ.
Түүнчлэн “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн маршрутын дагуу бие засах газар 6, усны 9, тэжээлийн 5 цэгийг байршуулсан. Одоогоор бэлтгэл ажил 90 гаруй хувьтай явж байна.
2026 оны хувьд Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн 21, 42 км-ийн замыг албан ёсоор хэмжин баталгаажуулж 2030 он хүртэлх хугацаатай “Олон улсын хэмжилтийн “В” ангиллын сертификат” олгосон.
Ийнхүү олон улсын хэмжилтийн сертификат олгосон замаар гүйлтийг зохион байгуулж байгаа эсэх талаар Азийн хөнгөн атлетикийн холбооны зам хэмжигч Малайзын иргэн Мурегесу Соосэймани хяналт тавьж ажиллана.









