“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хороо хуралдлаа

0
510

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 337 дугаар тогтоолоор “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ахлуулан байгуулсан. Үүний дагуу Зохион байгуулах хороо анхны хурлаа өнөөдөр цахимаар хийлээ.

Хурлаар тус хорооны ажиллах журам, наадмын үзэл баримтлал зэргийг баталж, Зүүн Азийн олимпийн хороонд танилцуулж батлуулахаар Зохион байгуулах хорооны бүтэц, наадмын спортын төрөл, хугацаа зэргийг хэлэлцүүлэн дэмжив.

Зүүн Азийн залуучуудын наадам нь Олон улсын олимпийн хорооны харти, Азийн олимпийн зөвлөл, Зүүн Азийн олимпийн хорооны дүрмийн дагуу зохион байгуулагддаг, бүс нутгийн хэмжээний наадам юм. Наадамд манай улсаас гадна Япон, БНХАУ, БНСУ, БНАСАУ, БНХАУ-ын Макао, Хонконг, Тайпейн Үндэсний олимпийн хорооны нийт 1500 тамирчин спортын 12 төрөлд 100 багц медалийн төрлөөр өрсөлдөх бол 900 орчим албаны төлөөлөгч оролцох ажээ.