Нийслэлчүүдийн цасны баярын нээлт боллоо

0
785

zurag-12Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2009 оны 05, 2014 оны 34 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, өвлийн спортын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор  “Цэнгэг агаар – 2015” сэдэвт “Цасны баяр”, биеийн тамир, спортын өвлийн арга хэмжээний нээлтийнүйл ажиллагааг 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11.00-16.00 цагт Хандгайтын “Янзага” зусланд зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, харъяа газрууд, Агентлагууд, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, түүний харъяа байгууллагууд, Нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороод, нийслэлийн иргэд нийт 90 байгууллагын 4500 гаруй хүн оролцож амралтынхаа нэг өдрийг эрүүл агаарт идэвхитэй хөдөлгөөн хийн өнгөрүүлсэн.

Цасны баярын нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын ивээл доор зохион явагддаг “Цэнгэг агаар-2015” сэдэвт биеийн тамир, спортын өвлийн арга хэмжээний галт бамбарыг Монголын Мотоцикл автомашины холбооны тамирчид залан авч ирж нийслэлийн 2014 оны шилдэг биеийн тамирын хамтлагаар шалгарсан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын төлөөлөлд өгч, тэр нь Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд гардуулан өгсөн. “Цасны баяр”-ыг нээж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл үг хэлсний дараа Төрийн дуулал эгшиглэхэд төрийн далбаа, нийслэлийн туг мандсан. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн “Цэнгэг агаар-2015” сэдэвт “Цасны баяр”, биеийн тамир, спортын өвлийн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааны бамбарыг асаасан.

zurag-11Үүний дараа спортын үзүүлэх тоглолт Онцгой байдлын Ерөнхий газрын Аврах тусгай ангийн Агаар ажиллагааны салбарын Пара моторын тамирчдын Монгол Улсынхаа мандан бадрал, нийслэл хотынхоо хөгжлийг бэлэгдэн төрийн далбаа, нийслэлийн тугийг агаарт цэнгүүлэн залсан үйл ажиллагаагаар эхэлсэн.

Энэхүү арга хэмжээнд Монголын Автомашин мотоциклын спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Д.Очирсүхээр ахлуулсан баг тамирчид хуран цугласан олонд мотоспортын үзүүлэх тоглолтыг үзүүлсэн.

Жил бүр нийслэл, дүүргийн харъяа нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагуудаас хамгийн шилдэг биеийн тамирын хамтлагийг шалгаруулж шагнадаг уламжлалын дагуу 2014 оны үйл ажиллагаагаараа Нийслэлийн шилдэг хамтлагаар шалгарсан 5 хамтлаг /Нийслэлийн Өмчийн харилцааны газрын биеийн тамирын хамтлаг, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын биеийн тамирын хамтлаг, Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн биеийн тамирын хамтлаг, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын биеийн тамирын хамтлаг, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын биеийн тамирын хамтлаг/-ийг цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.

Дүүргийн харъяа байгууллагуудаас 2014 оны Шилдгийн шилдэг биеийн тамир, спортын хамтлагаар шалгарсан 5 хамтлаг /Баянгол дүүргийн 94-р цэцэрлэгийн БТС-ын “Золбоо” хамтлаг, Сүхбаатар дүүргийн 20-р хорооны БТС-ын “Ялалт – 20” хамтлаг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн биеийн тамирын хамтлаг, Сонгинохайрхан дүүргийн 127-р цэцэрлэгийн биеийн тамирын хамтлаг, Баянгол дүүргийн 162-р цэцэрлэгийн биеийн тамирын хамтлаг/-ийг цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан.

Цасан дээрх бүжгийн тэмцээнд өдөрлөгт оролцогч байгууллагуудын төлөөлөл 20 гаруй хос бүжигчин оролцсоноос Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Албадан саатуулах төвийн хосууд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авсан.

Байгууллагууд өөрийн байгууллага, хамт олны дунд биеийн тамирын хамтлагийнхаа үйл ажиллагааг сурталчилах, эрүүл хүнсээр аяны хүнс бэлтгэн үдийн цай зохион байгуулах, өөрсдөө сонголт хийж хамт олныхоо дунд спортын 3 төрлөөр биеийн тамир, спортын уралдаан тэмцээн зохион байгуулав.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас томилогдсон ажлын хэсэг байгууллагуудын өөрсдийн сонгосон талбайд “Биеийн тамир, спорт – Нийслэлийн бүтээн байгуулалт” зэрэг сэдвээр зохиомж хийн байгуулсан цасан хотхонтой нэг бүрчлэн танилцаж, шалгаруулахад өдөрлөгт оролцсон нийт 90 байгууллагаас Гэрлэх ёслолын ордон, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Засаг дарга Тамгын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газар эхний 5 байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авсан.

Байгууллагуудын өдөрлөгт зохион байгуулалттай оролцсон байдал, эрүүл хүнс, зохион байгуулсан уралдаан тэмцээн, байгуулсан цасан хотхон зэргийг үнэлж байгууллагын дүнг гаргахад нэгдүгээр байрт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, хоёрт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, гуравт Улаанбаатар хотын Цагдаагийн газар, дөрөвт Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, тавд Яаралтай түргэн тусламжийн төв, зургаад Нийслэлийн Халамж үйлчилгээний газар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.

Ийнхүү нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд, нийслэлийн иргэд маань энэхүү тунгалаг нартай сайхан өдөр эрүүл агаарт биеийн тамирын хөдөлгөөн хийж уралдаан тэмцээн зохион байгуулж, оролцон хүчээ сорьж, пара мотор, шүхэр, мотоспорт зэрэг сонирхолтой үзүүлбэр үзэж, аялал хийн цана чаргаар гулган амралтын нэг өдрөө идэвхитэй өнгөрүүллээ гэж НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР-аас мэдээллээ.