Нийслэлийн Иргэдийн спортын наадам боллоо

0
828

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн спортын VII наадмыг 2018 оны 03 дугаар сараас 11 дүгээр сарын 06-ны хооронд спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 8 төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар амжилттай явагдаж өндөрлөлөө.

Энэхүү наадам нь Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос дэвшүүлсэн “Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” зорилтын хүрээнд “Өдөр тутмын биеийн тамир – Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” гэсэн уриан дор явагдаж, багийн бүрэлдэхүүн тухайн хорооны иргэн байх, 31-ээс дээш настай нийслэлийн иргэн байх, тухайн төрлийн спортын дэд мастераас дээш цолтой тамирчин 45-аас дээш настай байх, наадмын нэг төрөлд нэг тамирчин орох, шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох зэрэг нь бие бядрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг онцлог шинжтэй үйл ажиллагаа боллоо. Нийслэлийн шигшээ тэмцээнд спортын 8 төрлөөр 9 дүүргийн 152 хорооноос шалгарсан Шилдгийн шилдэг 108 багийн 1638 иргэн хамрагдсан бол Нийслэл, дүүргийн Иргэдийн спортын VII наадмын хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэлийн шатанд нийлээд 4310 байгууллагын 90100 иргэн хамрагджээ.