Oлс таталтын “Сургагч багш бэлтгэх”
сургалт боллоо
Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн спортын IV наадам, Монголын Хүүхдийн спортын V их наадмын хүрээнд олс таталтын “Сургагч багш бэлтгэх” сургалт семинарыг нийслэл, дүүргийн хороодын иргэд, ЕБС-ын багш нар, спорт хорооны мэргэжилтнүүдийн дунд 2015 оны 04 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд “Аварга” Биеийн тамирын дээд сургуулийн спорт зааланд 2 өдөр Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Олс таталтын холбоотой хамтран зохион байгууллаа.
Сургалтанд нийслэлийн 6 дүүргийн 70 гаруй хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, спорт хорооны мэргэжилтэн, биеийн тамирын багш, олон нийтийн байцаагч, хорооны иргэд хамрагдлаа.
Сургалтын хөтөлбөрт олс таталтын түүх, олон улсын олс таталтын дүрэм, гадна болон дотор заалны таталтын тухай ялгаа онцлог тэмцээн шүүлтийн бичлэг, олс таталтын бие халаалтын дасгалууд, дотор заалны таталтын техник /давталт/, дотор болон гадна таталтын техник давтах, шүүлт, нөхөрсөг тэмцээн зэрэг онолын болон практик хосолсон 12 цагийн хичээлийг Олс таталтын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, дасгалжуулагч багш нар хамтран заалаа.
Сургалтанд оролцогчдод практик хичээлийн явцад дүрэм, техник, шүүлт, дасгалуудыг өөрийн биеэр хийлгэж зааж сургалаа. Хөтөлбөрт заагдсан хичээл, дасгал, тэмцээний сургалтын бичлэг зэргийг файлаар нь гарын авлага болгон өглөө. Сургалтанд идэвхтэй оролцсон 40 хүнд “Сургагч багш бэлтгэх” эрхийн сертификат олголоо гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.