Нийслэлийн спортын байгууллага спортын холбоодтой хамтран ажиллах үйл ажилллагаагаа өргөжүүллээ

0
825

Sport holboo

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдлага Монголын спортын холбоодтой 2015 онд хамтран ажиллах гэрээ байгуулах үйл ажиллагаа 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 12:00 цагт Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын “Хангарьд” ордны 14 давхрын Хүндэтгэлийн танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Гэрээний үйл ажиллагааг Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд нээж үг хэллээ.

Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Монголын Волейболын холбооны генсек Ц.Бат-Энх, Монголын Үндэсний сурын холбооны генсек Б.Хүрэлбаатар, Монголын Гимнастикийн холбооны генсек Г.Ерөөлтбат, Монголын Бие тэтгэх хийн дасгалын холбооны генсек Х.Оюунбилэг, Монголын Олс таталтын холбооны генсек Б.Эрдэнэбаяр, Монголын Хэт холын марафон гүйлтийн холбооны генсек Д.Бадамгарав, Монголын Софт теннисний холбооны менежер М.Болорхишиг, Монголын Тэшүүрийн холбооны генсек Ж.Мягмардорж, Монголын Дугуйн холбооны генсек З.Наран, Монголын Байт харвааны холбооны генсек Т.Амаржаргал, Монголын Буудлага спортын холбооны генсек О.Энхсайхан, Монголын Спорт бүжгийн холбооны генсек Д.Мөнхцэцэг, Монголын Уулчдын үндэсний холбооны генсек Ж.Баянцагаан, Монголын Олимпийн боксын холбооны генсек П.Сэрдамба, Монголын Жүдо бөхийн холбооны генсек М.Бөхбат, Монголын Чөлөөт бөхийн холбооны генсек О.Баянмөнх, Монголын Ширээний шагайн тоглоомын холбоог төлөөлж Тэгшжаргал, болон “Их талын дуулиан” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Тэрбаатар зэрэг 18 спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцож гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхү гэрээнд Биеийн тамир, спортын тухай хуулийн 4.2.3 заалтыг үндэслэн  Нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон спортын холбоо Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Их наадам, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнүүд болон бусад тэмцээнүүдийг хамтран зохион байгуулах, тамирчид, тэдний залуу халааг бэлтгэх, тэдгээрийн хооронд үүсэх харилцаа зохицуулах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог тодорхой тусгаж өгсөн.

Жилийн эцэст спортын холбоодыг гэрээгээр дүгнэхдээ жилийн турш явуулсан үйл ажиллагаа, тайлан мэдээгээ ирүүлсэн байдал, идэвхи санаачлагатай ажилласан зэргийг харгалзан дүгнэж, шалгаруулах нь төрийн байгууллага, спортын холбоодын уялдаа холбоог сайжруулах хөшүүрэг болж байна.

Тухайлбал, удахгүй болох “Улаанбаатар Марафон -2015” олон улсын гүйлтийн зохион байгуулалт, үйл ажиллагааны сурталчилгаанд нэгдэн хамтран ажиллах; хамтран зохион байгуулж байгаа тэмцээн уралдаанд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын төлөөлөгчид болон албаны төлөөлөгчдийг оролцуулах; НБТСГ-тай хамтран зохион байгуулж байгаа болон Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн медаль, өргөмжлөлийн загварыг харилцан тохиролцож баталгаажуулах ба батлагдсан загварын дагуу үйлдэх; тэмцээн хамтран зохион байгуулсан арга хэмжээнүүдийн тухай мэдээллийг хэвлэл мэдээллээр сурталчилахдаа хамтрагч байгууллагын нэрийг дурдах ба Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын www.sport.ub.gov.mn, facebook.com/bietamir сайтад байршуулах; тэмцээний заавар удирдамж, хөтөлбөр, бэлтгэл ажлын төлөвлөгөөг хамтран боловсруулж, баталгаажуулан хэрэгжүүлэх; спортын төрлийн барилга байгууламж, заал талбай, тоног төхөөрөмж, хэрэглэл материалын стандартын тухай тодорхой мэдээллийг гаргах гэх мэт.

 

 

НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР