“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2018”
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, өвлийн улиралд зохион байгуулах нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээ болон Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 2018.02.03-04-ний амралтын өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
“Улаанбаатарын өвлийн наадам” нь гадаад, дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах ач холбогдолтой юм.
Тус наадмын үеэр Монгол Улсын өнцөг булан бүрийн сур болон шагай харваачид идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьж улсын аваргаа шалгаруулна. Энэ жилийн хувьд олон улсын хэмжээний наадам болтлоо өргөжин хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирнэ.
Зохион байгуулагдах арга хэмжээнүүд
- Урлагийн тоглолт
- Мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээн
- Мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн
- Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
- Цанын сонирхогчдын тэмцээн
- Тэшүүрийн үзүүлбэр
- Снөүбордын тэмцээн
- Мөсөн шатрын сонирхогчдын тэмцээн
- Мөсөн хананд авиралтын сонирхогчдын тэмцээн
- Мото мотоциклийн үзэсгэлэн, үзүүлбэр, парад
- Нохой чарганы үйлчилгээ
- Өвлийн дугуйны үйлчилгээ
- Гэр бүлийн буухиа тэмцээнүүд
- Параглайдингийн үзүүлбэр
- Олс таталтын тэмцээн
- Хамгийн сайхан үндэсний хувцастай шилдэг хороо болон эрэгтэй, эмэгтэй, гадаад оролцогчийг шалгаруулалт
Тэмцээний болон ивээн тэтгэгчдийн нийт шагналын сан 10.0 сая төгрөг бөгөөд наадамд ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтойгоороо онцлогтой. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 02-р сарын 03-04-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус наадамд Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоён өргөнөөр оролцохыг иргэд нийслэлчүүддээ уриалж байна.