ЕБС-ийн тамирын багш нарын сургалт болж байна
Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 05, 2017 оны 289 дүгээр тогтоолууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016 – 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, багш, арга зүйчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос “Идэвхитэй хөдөлгөөн-Эрүүл мэнд” сэдэвт сургалт, семинарыг 2018 оны 01 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн зааланд зохион байгуулж байна.
Онолын хичээлийг Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга, спортын гимнастикийн ОУХМ А.Болдмаа “Нийслэлээс биеийн тамир, спортын талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааны чиглэл”, тус хорооны ААНБ дахь биеийн тамир, чийрэгжүүлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Түвшинбаяр “Биеийн тамир, спортын хамтлагийн тухай ойлголт”, Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Ахлах мэргэжилтэн С.Баасанжав “Биеийн тамир, спортын хуулийн шинэчилсэн найруулгын талаар” сэдвээр зааж, дадлага хичээлийг иогийн багш Х.Үржинсүрэн, Н.Нанзадсайхан нар “Амьсгал, ус, агаар” иогийн хичээлийг, Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн багш Э.Мөнх-Оргил “ЕБС-ийн дунд ангийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн заавал эзэмших дасгалыг заах” аргад сургаж, сургалтанд оролцогч 6 дүүргийн 50 сургуулийн 70 багш, арга зүйчид сертификат гардуулах юм гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.