Цэцэрлэгийн багш нарт зориулсан сургалт 2019.01.14-18-ны өдрүүдэд болно

0
901

Бага насны хүүхдүүдийн бие бялдрын хөгжилд онцгой анхаарна 

Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос “Хөдөлгөөн – Эрүүл мэнд” сэдэвт сургалт семинарыг 2019 оны 01 дүгээр сарын 14 – 18-ны өдрүүдэд онолын хичээлийг Нийслэлийн Засаг захиргааны V байрны “Иргэний танхим”-д, практик хичээлийг МУБИС-ийн “Сургуулийн өмнөх боловсролын сургууль”-ийн “Урлаг” зааланд зохион байгуулна.

Энэхүү сургалтын гол зорилго нь Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2009 оны 05, 2017 оны 289 дүгээр тогтоолууд, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг тус тус хэрэгжүүлэх, нийслэлийн цэцэрлэгийн багш, арга зүйчдийн ур чадварыг дээшлүүлэх явдал юм.

Онолын хичээлийг Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга, спортын гимнастикийн ОУХМ А.Болдмаа “Нийслэлээс биеийн тамир, спортын талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааны чиглэл”, Монголын Бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны Хүүхдийн фитнессийн зөвлөлийн дарга Б.Оргилмаа “Хүүхдин фитнесс”, “Тэгш хийморь” ТББ-н тэргүүн Ч.Амгалан “Алхалт гүйлтээр хичээллэхийн ач холбогдол” сэдвээр заах бол Монголын Гимнастикийн холбооны Зөвлөх багш А.Болорцэцэг “Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн заавал эзэмших дасгалыг заах” зэрэг сэдвүүдээр хичээл заана.

Сургалтын үеэр “Тэргүүний Биеийн тамир, спортын хамтлаг” болох Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн туршлагыг бусад байгууллагуудад сурталчлах, туршлага судлуулах үйл ажиллагаа явагдана гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.