“Спортлог – Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг болно

0
600

boxing-1Монгол Улсын нийслэл хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/766 дугаар захирамжаар “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөгийн үйл ажиллагааг 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10:00-17:00 цагт  Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна.

Энэхүү өдөрлөг нь нийслэлд биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчилах, Нийслэлийн Иргэдийн спортын наадмыг танилцуулах, төрийн байгууллага болон төрийн бус байгууллага хоорондын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ юм.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хурлын нарийн бичгийн дарга, Нийслэлийн Засаг дарга, түүний Орлогчид,  Засаг даргын Тамгын газрын хэлтэс албад, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, харъяа газрууд, агентлагуудын удирдлага, тэдгээрийн ажилтан, албан хагчид, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороод, спортын холбоод, чийрэгжүүлэх бялдаржуулах төвүүд, клубүүд, “Монголын Эмнести Интернэшнл” Олон улсын төрийн бус байгууллага, “Мандал иог” ХХК, Монголын Залуучуудын холбоо, Өсвөрийн болон оюутны шигшээ багийн тамирчид, “Сурагчдын лиг” тэмцээнд оролцдог сагсан бөмбөг, волейболын баг тамирчид, “Дуулиан-2020” тэмцээнд оролцдог хөл бөмбөгийн баг тамирчид, Нийслэлийн иргэдийн спортын III наадмын дүүргүүдийн баг тамирчид, нийслэлийн иргэд  оролцоно.

“Спортлог-Улаанбаатар” өдөрлөг 10:00-11:00 цагт нийслэл, дүүргийн Биеийн тамир спортын газар, хороод, оюутны болон өсвөрийн шигшээ баг, спортын холбоод, клубүүд үйл ажиллагаагаа сурталчилах ажлаар эхэлж, албан ёсны нээлтийн ажиллагаа 11:00-11:30 цагт явагдана.

Өдөрлөгийн эхэнд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, төрийнхөө далбааг тив, дэлхийн тэнгэрт мандуулж амжилт гаргасан тамирчдыг нийслэлийн шагналаар шагнах ёслолын ажилллагаа байх юм.

Уран сайхны гимнастик, аэробик, спортын гимнастик, таеквондо, спорт бүжгийн баг тамирчид өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд зориулсан спортын үзүүлэх тоглолтуудаа Чингис хааны талбайд хуран цугласан нийслэлийн иргэдэд үзүүлж сонирхуулна.

12:00 – 12:30 цагт шүүгчийн дуут дохиогоор дугуйн парад гараанаас гарна. Парадыг Чингисийн талбай – Баруун дөрвөн зам – Зүүн дөрвөн зам – Чингисийн талбай гэсэн  чиглэлээр  явуулна. 12:10 – 13:00 цагт  шүүгчийн дуут дохиогоор бүх нийтийн гүйлтийн гарааг тайзны өмнөөс гаргана. Гүйлтийг Чингисийн талбай -Төв шуудан- Цэцэг төв- Зоос гоёл – МУИС – ШУТИС – МУБИС – ДБЭТеатр- Чингисийн талбай гэсэн чиглэлээр зохион байгуулна.

12:20 – 12:40 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээлээр зохион байгуулагдаж буй “Дуулиан 2020” 9 дэх удаагийн тэмцээний сугалааны ажиллагааг нээж Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл эхний сугалааг сугална. Суглааны ажиллагаанд оролцож байгаа зочид, тамирчин сурагчдад хөлбөмбөгийн бөмбөг бэлэглэнэ.

Дүүргийн биеийн тамир, спортын хороод, спортын холбоод болон хамтран ажиллаж байгаа байгууллагууд өөрсдийн асар майхан, хуваарилагдсан талбайд болон төв тайзан дээр гаргасан хуваарь хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.

 

А.Талбайд явагдах үйл ажиллагаанууд

  1. Дүүргүүдийн БТСХороод, өсвөр, оюутны шигшээ багуудын үйл  ажиллагааг иргэдэд танилцуулах /самбар, холбогдох цом, өргөмжлөл, медаль, танилцуулга, тоног төхөөрөмж, хувцас, зураг, ном, сэтгүүл зэргээр үзэсгэлэн гаргана/
  2. Нийслэлийн иргэдийн спортын  наадмын ажиллагааг сурталчилах
  3. Үндэсний сур, аялал, буудлага, байт харваа, үндэсний хөлөгт тоглоом зэрэг спортын хэрэлэл материалаар үзэсгэлэн гаргаж иргэдэд үзүүлэх, тайлбарлах, холбогдох танилцуулга зөвлөмжийг тараах
  4. Дугуйн үзэсгэлэн худалдаа, пракат үйлчилгээ зохион байгуулах
  5. Спорт дэлгүүрүүдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах
  6. Эрүүл мэнд, бие бялдрын сорилын үзлэг, зөвлөгөө өгөх, азын сугалаат үйлчилгээ
  7. “Улаанбаатар марафон 2014” зурагт үзэсгэлэн гаргах
  8. Монголын Эмнести Интернешнл, Монголын залуучуудын холбооны залуусын дуу хоолой “Open  air” ажиллагаа
  9. ”Мандал иог” ХХК-ны  Иогийн  ашиг тус үйл ажиллагаа
  10. Бүх төрлийн спортын секц дугуйлан, “Сурагчдын лиг” сагсан бөмбөг, волейболын тэмцээн, “Дуулиан-2020” хөл бөмбөгийн тэмцээнд оролцох баг тамирдыг бүртгэх ажиллагаа

Б.Өдөрлөгийн үеэр иргэдийн дунд зохион байгуулах спортын уралдаан тэмцээнүүд

Хөл бөмбөг

Сагсан бөмбөг

Олс таталт

Волейбол

Үндэсний шагай няслах,  шүүрэх, морь уралдуулах

Шатрын  тоглолт тэмцээн

Дугуйн парад

Бүх нийтийн гүйлт

 

В. Спортын төрлүүдийн чөлөөт үзүүлбэрүүдийг талбай дээр зохион байгуулна.

-Экстрим дугуйн үзүүлэх тоглолт

-Тэшүүр, дугуйт тэшүүр

-Талбайн теннис

-Софт теннис

-Хийн дасгал Ахмадын аэробик- багуудад зааварчилгаа өгнө.

-кендамо

-Спорт, уран сайхан, Аэробик гимнастик

-Олс таталт

Төв тайзан дээр дүүргийн Биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, өдөрлөгийн ажиллагаанд хамтран оролцож байгаа байгууллагууд ээлжлэн үйл ажиллагаагаа сурталчилна.

Өдөрлөгийн үйл ажиллагааны талаар телевизийн нэвтрүүлэг бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилна.

 

Төв тайзан дээр явагдах үйл ажиллагааны хуваарь

11:00 – 11:30         Нэгдсэн нээлт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

11:30 – 12:00         Спортын үзүүлэх тоглолт

12:00 – 12:10         Дугуйн парадын гараа

12:10 – 12:20         Бүх нийтийн гүйлтийн гараа

12.20 – 12:40          “Дуулиан 2020” тэмцээний сугалаа

12.40 – 13:00          Хан-Уул дүүргийн ажиллагаа

13:00 – 13:20          Баянгол дүүргийн ажиллагаа

13:20 – 13:40          Чингэлтэй дүүргийн ажиллагаа

13:40 – 14:00          Баянзүрх дүүргийн ажиллагаа

14:00 – 14:30          Монголын Эмнести интернэшнл байгууллага

14:30 – 14:50          Спортын холбоод

14:50 – 15:10          Ахмадын хийн дасгал

15:10 – 15:30          Сонгинохайрхандүүргийн ажиллагаа

15:30 – 15:50          “Мандал иог” ХХК

15:50 – 16:10          Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн ажиллагаа

16:10 – 16:30          Сүхбаатар дүүргийн ажиллагаа

16:30 – 17:00          Хаалтын ажиллагаа

Жич: Тайзан дээр үйл ажиллагаагаа сурталчилах байгууллагууд хөтөлбөрөө тус тусдаа гаргана гэж НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР-аас мэдээллээ.