Нийслэлийн Иргэдийн спортын III наадмын нэгдсэн дүн гарлаа

0
723

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/333 дугаар захирамжаар Нийслэлийн Иргэдийн спортын III наадмыг 2014 оны 03 дугаар сараас 11 дүгээр сарын 02-ны хооронд спорт явган аялал, дугуйн аялал, гэр бүлийн гишүүдийн буухиа, ширээний шагайн наадгай, хийн дасгал, олс таталт, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 8 төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар амжилттай явагдаж өндөрлөлөө.

Наадмыг зохион байгуулах үүргийг нийслэлийн хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан Зохион байгуулах хороо, Нийслэлийн  Биеийн тамир, спортын газар, дүүрэг хороодын хэмжээнд Дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан Зохион байгуулах салбар хороод, дүүргийн Биеийн тамир, спортын хороо, дүүргийн хороод, спортын холбоодын төлөөлөл оролцсон Ажлын хэсгүүд 9-н сарын турш нэгдсэн зааврын дагуу ажиллалаа.

Энэхүү наадам нь Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас дэвшүүлсэн “Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” зорилтын хүрээнд “Өдөр тутмын биеийн тамир – Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” гэсэн уриан дор явагдаж, багийн бүрэлдэхүүн тухайн хорооны иргэн байх ба зөвхөн цахим үнэмлэхийг үндэслэн уг наадамд оролцуулах, 31-ээс дээш настай нийслэлийн иргэн байх, тухайн төрлийн спортын дэд мастераас дээш цолтой тамирчин 45-аас дээш настай байх, наадмын нэг төрөлд нэг тамирчин орох,шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох зэрэг онцлогтой байсан нь тэдний өрсөлдөх боломжийг олгосон ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

Нийслэл, дүүргийн Иргэдийн спортын наадмын хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэлийн шатанд нийлээд 84080 иргэн хамрагдаж 190.0 сая төгрөг зарцуулжээ.

ols tataltОлс таталтын тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Б.Олонтүмэн ахлагчтай Багануур дүүргийн баг илт давамгайлж, Д.Дэмбэрэл ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн баг удаалж, Н.Алтантөгс ахлагчтай Баянзүрх дүүргийн баг гутгаар байранд шалгарсан бол эмэгтэйчүүдийн төрөлд н.Оюунцэцэг ахлагчтай Баянгол дүүргийн баг тэргүүлж, Б.Цэрэндулам ахлагчтай Налайх дүүргийн баг, Б.Олонтүмэн ахлагчтай Багануур дүүргийн багууд тус тус удаалж, байгууллагын нийлбэр дүнгээр Багануур дүүрэг нэгдүгээр байранд шалгарч, Налайх, Баянзүрх дүүргүүд удааллаа.

Хийн дасгалын тэмцээнд С.Долгор ахлагчтай Баянгол дүүргийн баг түрүүлж, Б.Отгонбаяр ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн баг удаалж, С.Шижээ ахлагчтай Баянзүрх дүүргийн баг гутгаар байранд шалгарсан.

Аэробикийн тэмцээнд С.Дэмбэрэл ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн баг илүүрхэж, Д.Буянравжих ахлагчтай Налайх дүүргийн баг удаалж, М.Өлзийбат ахлагчтай Сүхбаатар дүүргийн баг гутгаар байр эзэлсэн.

Волейболын тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Орхон ахлагчтай Хан-Уул дүүргийн баг түрүүлж, С.Дэмбэрэл ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн баг удаалж, Б.Баттөр ахлагчтай Баянгол дүүргийн баг гутгаар байранд шалгарсан бол эмэгтэйчүүдийн төрөлд Б.Буурал ахлагчтай Баянзүрх дүүргийн баг тэргүүлж, Т.Түвшинжаргал ахлагчтай Хан-Уул дүүргийн баг, Г.Туяа ахлагчтай Налайх дүүргийн баг тус тус удаалж, байгууллагын нийлбэр дүнгээр Хан-Уул дүүрэг нэгдүгээр байранд шалгарч, Баянзүрх, Баянгол дүүргүүд удааллаа.

Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд М.Гантөмөр ахлагчтай Хан-Уул дүүргийн баг илт давамгайлж, Б.Үүрдсайхан ахлагчтай Багануур дүүргийн баг удаалж, Б.Дамба ахлагчтай Баянгол дүүргийн баг гутгаар байранд шалгарсан бол эмэгтэйчүүдийн төрөлд н.Алтанзул /ОУХМ/ахлагчтай Баянзүрх дүүргийн баг тэргүүлж, О.Батсаруул ахлагчтай Налайх дүүргийн баг, Э.Шинэцэцэг ахлагчтай Баянгол дүүргийн багууд тус тус удаалж, байгууллагын нийлбэр дүнгээр Баянзүрх дүүрэг нэгдүгээр байранд шалгарч, Хан-Уул, Налайх дүүргүүд удааллаа.

Наадмын хаалтын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн спортын III наадмыг Зохион байгуулах хорооны дарга бөгөөд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Иргэдийн спортын III наадмыг Зохион байгуулах хорооны орлогч дарга бөгөөд Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Нийслэлийн Иргэдийн спортын III наадмыг Зохион байгуулах салбар хороодын гишүүд, Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга А.Цэдэнсодном, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Дамба, Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ш.Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Ганхүү, Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо.

 

Нийслэлийн шигшээ тэмцээнд нийлбэр дүнгээр

1-р байрт Баянгол  дүүрэг,

2-р байрт Налайх дүүрэг,

3-р байрт Сүхбаатар дүүрэг,

4-р байрт Баянзүрх дүүрэг,

5-р байрт Сонгинохайрхан дүүрэг,

6-р байрт Хан-Уул дүүрэг,

7-р байрт Чингэлтэй дүүрэг,

8-р байрт Багахангай дүүрэг,

9-р байрт Багануур дүүрэг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

 

Дүүргийн шилдэг хороодоор:

– Чингэлтэй дүүргийн Н.Сайнболд даргатай 1-р хороо,

– Сүхбаатар дүүргийн Ш.Батдорж даргатай 19-р хороо,

– Сонгинохайрхан дүүргийн Б.Энхтуяа даргатай 6-р хороо /”Шилдэгийн шилдэг хороо”/,

– Баянзүрх дүүргийн Ч.Бямбажав даргатай 19-р хороо,

– Баянгол дүүргийн Ё.Ариунзул даргатай 2-р хороо,

– Хан-Уул дүүргийн Ё.Цацралтуяа даргатай 8-р хороо,

– Багануур дүүргийн Ж.Мөнхцэцэг даргатай 2-р хороо,

– Налайх дүүргийн Ж.Нямсүрэн даргатай 2-р хороо,

– Багахангай дүүргийн М.Өсөхдэлгэр даргатай 2-р хороо тус тус шалгарч наадмын хаалтын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочдоос шагналаа гардан авлаа.

 

Нийслэлийн Биеийн тамир,

спортын газар