СӨБ-ийн багш нарын сургалт боллоо
Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос “Хөдөлгөөн – Эрүүл мэнд” сэдэвт сургалт семинарыг 2018 оны 01 дүгээр сарын 15 – 19-ний өдрүүдэд онол, практикийн хичээлийг МУБИС-ийн “Сургуулийн өмнөх боловсролын сургууль”-ийн “Урлаг” зааланд зохион байгууллаа.
Энэхүү сургалтын гол зорилго нь Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2009 оны 05, 2017 оны 289 дүгээр тогтоолууд, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг тус тус хэрэгжүүлэх, нийслэлийн цэцэрлэгийн багш, арга зүйчдийн ур чадварыг дээшлүүлэх явдал юм.
Онолын хичээлийг Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга, спортын гимнастикийн ОУХМ А.Болдмаа “Нийслэлээс биеийн тамир, спортын талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааны чиглэл”, тус хорооны ААНБ дахь биеийн тамир, чийрэгжүүлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Түвшинбаяр “Биеийн тамир, спортын хамтлагийн тухай ойлголт”, Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Ахлах мэргэжилтэн С.Баасанжав “Биеийн тамир, спортын хуулийн шинэчилсэн найруулгын талаар” заасан бол иогийн багш Х.Үржинсүрэн, Н.Нанзадсайхан нар “Амьсгал, ус, агаар” иогийн хичээлийг, Монголын Гимнастикийн холбооны Зөвлөх багш А.Болорцэцэг “Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн заавал эзэмших дасгалыг заах” зэрэг сэдвүүдээр хичээл заалаа.
Уг сургалт семинарт оролцсон 9 дүүргийн 250 цэцэрлэгийн 280 багш нарт сургалтын “СЕРТИФИКАТ”, “Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн заавал эзэмших дасгал”-ын CD, DVD, гарын авлага, өглөөний дасгалын плакат зэргийг олголоо.
Сургалтын үеэр “Тэргүүний Биеийн тамир, спортын хамтлаг” болох Баянзүрх дүүргийн Улсын тэргүүний 129-р цэцэрлэгийн туршлагыг бусад байгууллагуудад сурталчлах, туршлага судлуулах үйл ажиллагаа явагдлаа гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.