Монгол Улсын нийслэл хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/766 дугаар захирамжаар “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөгийн үйл ажиллагааг 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10:00-17:00 цагт  Чингис хааны талбайд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөг нь нийслэлд биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчилах, Нийслэлийн Иргэдийн спортын наадмыг танилцуулах, төрийн байгууллага болон төрийн бус байгууллага хоорондын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун болон харъяа газрууд, агентлагуудын удирдлага, тэдгээрийн ажилтан, албан хагчид, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороод, спортын холбоод, чийрэгжүүлэх бялдаржуулах төвүүд, клубүүд, “Монголын Эмнести Интернэшнл” Олон улсын төрийн бус байгууллага, “Мандал иог” ХХК, Монголын Залуучуудын холбоо, Өсвөрийн болон оюутны шигшээ багийн тамирчид, “Сурагчдын лиг” тэмцээнд оролцдог сагсан бөмбөг, волейболын баг тамирчид, “Дуулиан-2020” тэмцээнд оролцдог хөл бөмбөгийн баг тамирчид, Нийслэлийн иргэдийн спортын III наадмын дүүргүүдийн баг тамирчид, нийслэлийн иргэд оролцлоо.

Өдөрлөгийн эхэнд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, төрийнхөө далбааг тив, дэлхийн тэнгэрт мандуулж амжилт гаргасан тамирчдыг нийслэлийн шагналаар шагналаа.

Уран сайхны гимнастик, аэробик, спортын гимнастик, таеквондо, спорт бүжгийн баг тамирчид өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд зориулсан спортын үзүүлэх тоглолтуудаа Чингис хааны талбайд хуран цугласан нийслэлийн иргэдэд үзүүлж сонирхууллаа.

Монголын Залуучуудын холбооноос “Ногоон гудамж – унадаг дугуйн зам” дугуйн парадыг Чингисийн талбай – Баруун дөрвөн зам – Зүүн дөрвөн зам – Чингисийн талбай гэсэн  чиглэлд, бүх нийтийн гүйлтийг Чингисийн талбай -Төв шуудан- Цэцэг төв- Зоос гоёл – МУИС – ШУТИС – МУБИС – ДБЭТеатр- Чингисийн талбай гэсэн чиглэлд тус тус зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээлээр зохион байгуулагдаж буй “Дуулиан 2020” 9 дэх удаагийн тэмцээний сугалааны ажиллагаанд оролцож байгаа зочид, тамирчин сурагчдад хөлбөмбөгийн бөмбөг бэлэглэлээ.

Дүүргийн биеийн тамир, спортын хороод, спортын холбоод болон хамтран ажиллаж байгаа байгууллагууд өөрсдийн асар майхан, хуваарилагдсан талбайд болон төв тайзан дээр гаргасан хуваарь хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа явууллаа.

Төв тайзан дээр дүүргийн Биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, өдөрлөгийн ажиллагаанд хамтран оролцож байгаа байгууллагууд ээлжлэн үйл ажиллагаагаа сурталчиллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагааг МҮОНТ, ТМ, С1, NTV, ТВ9 телевиз, arslan.mn, sport.news.mn сайт зэрэг  нийт 10 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтэд сурталчиллаа гэж НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР-аас мэдээллээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here