Home Танилцуулга

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРОО

Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо нь “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, “Биеийн тамир, спортын тухай” хуулийн дагуу биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, биеийн тамир, спортын үйл ажиллагааг мэргэжлийн арга зүй, удирдлагаар хангах асуудлыг нийслэлийн хэмжээнд эрхлэн зохион байгуулах чиг үүрэгтэй төрийн захиргааны байгууллага – Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг.

Тус байгууллага нь нийтийн биеийн тамир, спортын талаар төр, засаг, нийслэлээс дэвшүүлж байгаа зорилт, бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн чанартай, шуурхай зохион байгуулж, нийслэлийн дүүрэг, хороо, төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгж, иргэдэд хүрч тэдэнтэй хамтран ажиллахыг эрхэм зорилгоо болгож Нийслэлийн Засаг даргын 2009 оны 14 дүгээр захирамжаар тус байгууллага нь дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугаар захирамжаар тус хорооны бүтэц зохион байгуулалт 2 хэлтэс, 16 хүнтэй болсон.

Тус хорооноос нийслэлийн хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор спортын болон бүх нийтийг хамарсан жилийн дөрвөн улиралд зохиогдох өдөрлөг, бүх нийтийн гүйлт, явган аялал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигаар хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг авах, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох “Сорил” тэмцээн, цэцэрлэгийн хүүхдүүдийн болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастик зэрэг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, нийслэлийн хүүхэд, залуучууд, иргэд идэвхтэй оролцож байна. Тухайлбал, жилдээ явагдах 30 гаруй арга хэмжээнд 1400 байгууллагын 340 мянган хүн хамрагдах боллоо.

“Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх хянах” үндэсний болон нийслэлийн дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэл, дүүргийн хэмжээнд жилд нийтийг хамарсан биеийн тамир, чийрэгжүүлэлтийн 700 арга хэмжээ зохион байгуулж 5000 байгууллагын 650 мянган хүн, үндэсний спортыг хөгжүүлэх үндэсний болон нийслэлийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэл, дүүргийн хэмжээний нийтийг хамарсан 16 уралдаан тэмцээн, өдөрлөг, бэсрэг наадмыг зохион байгуулж, үүнд 68 байгууллагын 2000 гаруй хүн оролцож байна. Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны болон биеийн тамир, спортын байгууллагуудын ажилтан, албан хаагчдын “Зуны аялал”-ыг 1998 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж байна.

Үндэсний болон орчин үеийн спортын төрлүүдээр Улаанбаатар хотын спартакиад, оюутан, сурагчдын спорт наадам, хотын аварга шалгаруулах тэмцээнийг өсвөр үе, залуучууд, насанд хүрэгсэд, ахмадын ангилалаар жилдээ 20-25 арга хэмжээг тогтмол явуулж байна.

2004 онд Улаанбаатар хотын Х спартакиадыг спортын 20, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын 4 төрлөөр явуулж, 8 дүүргийн 240 байгууллагын 420000 хүн, 2005 онд Нийслэлийн Оюутны спортын Анхдугаар их наадмыг спортын 12 төрлөөр явуулж, 71 их, дээд сургууль, коллежийн 15836 оюутан, 2006 онд Нийслэлийн Үндэсний спортын III их наадмыг спортын 14 төрлөөр 3 чиглэлээр явуулж, 8 дүүргийн 806 байгууллагын 22256 хүн, 2007 онд Нийслэлийн Хүүхдийн спортын III их наадмыг спортын 17 төрлөөр явуулж, 8 дүүргийн 826 сургуулийн 16172 сурагч, 2008 онд Нийслэлийн спортын ХI их наадмыг спортын 18 төрлөөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын 6  төрлөөр явуулж, 8 дүүргийн 1199 байгууллагын 12461 хүн, 2009 онд Нийслэлийн Оюутны спортын II их наадмыг спортын 7 төрлөөр явуулж, 8 дүүргийн 34 сургуулийн 1859 оюутан, 2010 онд Нийслэлийн Үндэсний спортын IV их наадмыг спортын 8 төрлөөр явуулж, шигшээ тэмцээнд 124 байгууллагын 4110 тамирчин, 2011 онд Нийслэлийн Хүүхдийн спортын IV их наадмыг спортын 18 төрлөөр зохион байгуулж, 9 дүүргийн 20958 сурагч, 2012 онд Монголын Бүх ард түмний спортын XIII, Нийслэлийн спортын ХI их наадмыг спортын 18 төрлөөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын 2 төрлөөр 3 үе шаттайгаар зохион байгуулж, 9 дүүргийн 754 байгууллагын 15.422 хүн,  хамрагдаж, эдгээр арга хэмжээнд нийслэлийн дүүрэг, албан байгууллага, сургуулиуд идэвхитэй оролцож, олон зуун шинээр нэмэгдлээ.

Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 189 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2007 оны 621 дүгээр захирамжаар 2008 оноос Нийслэлийн Засаг даргын дэргэд Оюутны шигшээ багийг спортын 8 төрлөөр (жүдо, чөлөөт бөх, байт харваа, тэшүүр, буудлага, кикбокс, бокс, спортын гимнастик) байгуулж 7 дасгалжуулагч, 14 тамирчин нийт 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж олон улсын чанартай тэмцээнээс 20 гаруй медаль хүртээд байна.

Нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга нарын дэргэд өсвөрийн шигшээ багийг спортын 17 төрлөөр байгуулж, үүнд 600 гаруй тамирчид хичээллэж байна. Биеийн тамир, спортын материаллаг бааз, спортын барилга байгууламжийг нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийг биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалтын ажил жилээс жилд нэмэгдэж байна. Нийслэлийн хэмжээнд Улсын хөрөнгө оруулалтаар 8 спорт цогцолборын барилгыг 2010 – 2015 онд барьж дуусгахаар төлөвлөгөөнд тусгаад байна.

Нийслэлд дасгал хөдөлгөөн хийх, бие бялдрыг чийрэгжүүлэх ногоон байгууламж бүхий 98 талбайг 2009 – 2011 онд улс, нийслэл, дүүрэг, хороо, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үүсгэл санаачлага, хөрөнгө оруулалтаар шинээр барьж байгуулснаар нийслэлд 702 биеийн тамир, чийрэгжилтийн талбай ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд биеийн тамир, спортын гадаад харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Итали, Франц зэрэг орнуудын улс болон хотуудын биеийн тамир, спортын байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод 20 гаруй нөхөрссөг уулзалт, тэмцээн явуулж гадаад оронд мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах ажлыг зохион байгууллаа.

 

 

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРОО