Байгууллагын дүрэм

Нийслэлийн  Засаг  даргын  2016 оны

                                                                                11 дүгээр сарын 03-ны өдрийн

                                                                                  А/777 дугаар захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР,

СПОРТЫН ХОРООНЫ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

 1.1.Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо (цаашид “Хороо” гэх) нь Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт биеийн тамир, спортыг хөгжүүлэх таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, биеийн тамир, спортын үйл ажиллагааг зохион байгуулж, иргэдэд чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх үндсэн үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг мөн.

1.2.Хороо үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Засгийн газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын шийдвэр, энэ дүрмийг мөрдөж ажиллана.

1.3.Хороо үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4.2-т заасан төрийн албанд баримтлах үндсэн зарчмуудаас гадна төрийн үйлчилгээг чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтална.

1.4.Хороо үйл ажиллагааныхаа явц, үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцаж, тайлагнана.

1.5.Хороо зохих журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд Төрийн сан банкинд харилцах данстай байна.

 

Хоёр. Хорооны удирдлага, зохион байгуулалтын бүтэц

2.1.Хорооны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг Нийслэлийн Засаг дарга тогтооно.

2.2.Хорооны даргыг Нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө. Хорооны даргын түр эзгүйд түүний үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилох асуудлыг Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-д заасны дагуу шийдвэрлэнэ.

2.3.Хороо үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ажиллах бөгөөд төлөвлөгөөг Нийслэлийн Засаг дарга батална.

2.4.Хорооны дарга дэргэдээ байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар түүнд зөвлөх санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Зөвлөл байгуулан ажиллуулж болно. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Хорооны дарга батална.

2.5.Хорооны дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.5.1.батлагдсан бүтэц, орон тоо болон хуулиар тогтоосон эрх, хэмжээний хүрээнд ажилтнуудыг томилох, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах;

2.5.2.холбогдох хууль тогтоомжийн дагуу байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг батлан мөрдүүлж, ажилтнуудын цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

2.5.3.хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд тушаал гаргах, заавар, дүрэм, журам баталж мөрдүүлэх;

2.5.4.хэлтсийн дарга албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах;

2.5.5.байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгох арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

2.5.6.Хорооны үйл ажиллагааг хэвийн явуулах, ажлын байрны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, уялдаа холбоог сайжруулах, боловсронгуй болгох арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд холбогдох саналаа Нийслэлийн Засаг дарга, холбогдох бусад байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

2.5.7.сахилга дэг журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ажилтнуудын ажлын цаг ашиглалт, эд хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хамгаалалтад хяналт тавьж, зөрчил, дутагдлыг арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллах;

2.5.8.ажилтнуудын нийгмийн асуудлыг хууль тогтоомж, Хөдөлмөрийн дотоод журмын дагуу шийдвэрлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх арга хэмжээ авч ажиллах;

2.5.9.Нийслэлийн Засаг даргаас шилжүүлсэн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;

2.5.10.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

2.6.Хорооны дарга, албан хаагчид Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагатай Нийслэлийн Засаг даргаар дамжуулан харилцана.

2.7.Хорооны дарга хууль тогтоомж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын захирамж, үүрэг даалгавар, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийн явц, үр дүнг тогтоосон хугацаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тайлагнаж ажиллана.

 

Гурав. Хорооны үндсэн үүрэг

3.1. Хороо дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.1.1.биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах;

3.1.2.нийслэлийн иргэдэд нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн биеийн тамир, спортын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэх орчин, нөхцөлийг бүрдүүлэх;

3.1.3.нийслэлд биеийн тамир, спортыг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлого, хөтөлбөр, стратеги төлөвлөгөө боловсруулж батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

3.1.4.дүүрэг, хороо, хэсэг, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж дэх биеийн тамирын хамтлаг, хамтлагийн арга зүйч, иргэдэд биеийн тамир, спортын ажлыг зохион байгуулах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллах;

3.1.5.биеийн тамир, спортын олон улсын уралдаан, тэмцээн, уулзалт, тоглолт, семинар, хурал, зөвлөгөөн, төрөл бүрийн сургалт, бусад арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, мэргэжлийн удирдлагаар хангах, энэ чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;

3.1.6.нийслэл хотод биеийн тамир, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах, түрүүлсэн буюу шагналт байранд шалгарсан баг, тамирчид, дасгалжуулагчдад шагнал, шүүгчдэд урамшуулал олгох асуудлаар дүрэм, журам, заавар, хөтөлбөр, арга зүйн удирдамж, гарын авлага боловсруулан баталж мөрдүүлэх;

3.1.7.биеийн тамир, спортын хөгжлийг тодорхойлох үндсэн болон хавсарга үзүүлэлтүүдээр статистикийн тоо, баримт, тайлан мэдээг нэгтгэн боловсруулалт хийж, Нийслэлийн Засаг дарга болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтанд танилцуулж байх;

3.1.8.биеийн тамир, спортын барилга байгууламжийг зориулалтаар ашиглахад анхаарч, тэдгээрийг түшиглэн биеийн тамир, спортын төвлөрсөн арга хэмжээг зохион байгуулах;

3.1.9.Биеийн тамир, спортын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг даргын дэргэдэх оюутны болон өсвөр үеийн шигшээ баг байгуулан үйл ажиллагааны журмыг батлуулж мөрдөх;

3.1.10.биеийн тамир, спортын ажил, үйлчилгээ, барилга байгууламж, заал, талбай, хэрэглэл, тоног төхөөрөмжийн чанар, стандарт боловсруулахад оролцох, хэрэгжилтэд нь хяналт тавих;

3.1.11.эрхэлсэн асуудлын хүрээнд ном, гарын авлага, зөвлөмж, эмхтгэл, зурагт хуудас гаргах, сургалт явуулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа, мэдээлэл хийх;

3.1.12.харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтнуудыг томилох болон зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох асуудлаар санал, зөвлөмж, боловсруулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх;

3.1.13.биеийн тамир, спортын хөгжүүлэх үйл хэрэгт тодорхой хувь нэмэр оруулсан байгууллага, хувь хүмүүсийг төр, засгийн болон нийслэлийн шагналаар шагнуулах талаар хүсэлт, тодорхойлолт гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлэх;

3.1.14.эрүүл аж төрөх ёс, зан үйл, биеийн тамир, спортын асуудлаар хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран хөтөлбөр, арга хэмжээний санал боловсруулж, зохих журмын дагуу хэрэгжүүлэх;

3.1.15.олон нийтийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх сан”-тай хамтран ажиллах, сангийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах;

3.1.16.нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд биеийн тамир, спортын асуудлаар судалгаа явуулах, шаардлагатай мэдээ, мэдээллийг гаргуулан авах, нэгтгэх, дүн шинжилгээ хийж, нийслэлийн удирдлагад танилцуулах;

3.1.17.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгж, Засаг даргын дэргэдэх холбогдох бусад байгууллагад эрхэлсэн асуудлын чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, холбогдох мэдээллийг шуурхай гаргаж өгөх;

3.1.18.гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах;

3.1.19.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

 

Дөрөв. Хариуцлага

4.1. Энэ дүрмийг зөрчсөн буруутай этгээдэд Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

Тав. Бусад зүйл

5.1. Энэ дүрмийг зохих журмын дагуу Улсын бүртгэлд бүртгүүлнэ.

5.2. Энэ дүрэмд Нийслэлийн Засаг даргын захирамжаар нэмэлт, өөрчлөлт оруулж  болох бөгөөд нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр бүртгүүлнэ.

 

—о0о—