“Улаанбаатар Марафонд нэгдэцгээе” уриан дор нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомыг нийслэлд аялуулна

0
497

“УЛААНБААТАР МАРАФОНД НЭГДЭЦГЭЭЕ“

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ

ЦОМЫГ НИЙСЛЭЛД АЯЛУУЛНА

2015-04-06 239 Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дүүргүүдийн Засаг дарга нарт “Улаанбаатар Марафон”-д нэгдэцгээе” уриан дор 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 05 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 50 хоногийн хугацаанд дүүргүүдэд аялуулах өөрийн нэрэмжит “Улаанбаатар-Марафон-2015” цомыг гардуулан өглөө.

Энэхүү аяны гол зорилго нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/198 захирамжаар баталсан ”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2015 оны 06 дугаар сарын 06–ны өдөр нийслэлд хоёр дахь удаагаа явагдах “Улаанбаатар Марафон – 2015” олон улсын гүйлтийг амжилттай зохион байгуулах, оролцогч дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх, сурталчилгаа мэдээллийг өргөжүүлэх, оролцогчдын тав тухтай орчинг бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангах  ажлын хүрээнд “Улаанбаатар Марафон”-д Монгол Улсын Засгийн газар, салбарын яам агентлагууд, нийслэл, дүүргийн  нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, улс төр, нийгмийн олонд танигдсан алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулахад оршиж байна.

“Улаанбаатар Марафон – 2015” цомыг нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, дүүргүүд хүлээн авч харъяа байгууллагуудаараа аялуулах ажлыг зохион байгуулж нийт ажилтан, албан хаагчдынхаа дунд тус удирдамжинд заагдсан үйл ажиллагааг явуулна.

“Улаанбаатар Марафон – 2015” цом аялах хугацаанд байгууллага, хамт олноос хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл нь:

  1. Байгууллага, хамт олондоо “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг танилцуулах, сурталчлах
  2. Байгууллагынхаа Биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг дэмжих, эрчимжүүлэх, шинээр хамтлаг байгуулах
  3. “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн заавар журмыг танилцуулах, байгууллага, хамт олноороо нэгдэх, гүйх хөдөлгөөн өрнүүлэх, байгууллагаас марафонд оролцож гүйх хүмүүсийн нэрсийг гарган бүртгэлд хамруулах, байгууллага, хамт олныхоо дунд спортын төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулах, спортын алдар, цуутай тамирчидтай уулзалт ярилцлага хийх, мэргэжлийн багш дасгалжуулагчдыг урьж сургалт семинар зохион байгуулах, зөвлөгөө авах, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нэвтрүүлэг, ярилцлага, реклам сурталчилгаа хийх
  4. Байгууллага, оршин суугаа орчиндоо хог хаягдалгүй цэвэр, эко орчинг бүрдүүлэх, амьдралын хүнд нөхцөлд байгаа өрх иргэн, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэх зэрэг сайн үйлсийг дэлгэрүүлэх аян өрнүүлэх зэрэг нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн ажлуудыг зохион байгуулах, сурталчилах, дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх
  5. Байгууллагын тайланд марафонд гүйсэн, хөгжөөн дэмжиж оролцсон хүний тоо, хийсэн ажлаа дэлгэрэнгүй тусгаж ирүүлнэ.

“Улаанбаатар Марафон”-д нэгдэцгээе” уриан дор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялуулах аяны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан холбогдох зураг бичлэг материалыг үндэслэн шалгаруулалт хийж хамгийн сайн оролцсон байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулж “Өргөмжлөл” 1-2 сая төгрөгөөр шагнаж урамшуулна гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.