Нийслэлийн спортын VII наадмын аваргууд тодорно

0
622

Нийслэлийн спортын VII наадмын аваргууд тодорно

20171105_104615Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн спортын VII наадмыг 2018 оны 03 дугаар сараас 11 дүгээр сарын 06-ны хооронд спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 8 төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж байна.

Энэхүү наадам нь Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос дэвшүүлсэн “Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” зорилтын хүрээнд “Өдөр тутмын биеийн тамир – Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” гэсэн уриан дор явагдаж, багийн бүрэлдэхүүн тухайн хорооны иргэн байх ба зөвхөн цахим үнэмлэхийг үндэслэн уг наадамд оролцуулах, 31-ээс дээш настай нийслэлийн иргэн байх, тухайн төрлийн спортын дэд мастераас дээш цолтой тамирчин 45-аас дээш настай байх, наадмын нэг төрөлд нэг тамирчин орох, шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох зэрэг нь иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах онцлогтой байсан нь нийслэлийн иргэдийн бие бялдрыг хөгжүүлж, нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг олгож байгаа үйл ажиллагаа болж байна.

 

Нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргийн 152 хорооноос шалгарсан Шилдгийн шилдэг 108 багийн 1638 иргэн хамрагдаж байгаа бол нийслэл, дүүргийн Иргэдийн спортын наадмын хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэлийн шатанд нийлээд 4310 байгууллагын 90100 иргэн хамрагдаад байна.

 

Тус наадмын Спорт явган аялалын нийслэлийн шигшээ тэмцээнийг 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Улаанбаатар – Баянзүрхийн товчоо – Ургах наран хороолол – Баянзүрх хайрхан – Ургах наран хороолол – Улаанбаатар” гэсэн чиглэлээр зохион байгуулж 9 дүүргийн 117 иргэн оролцож хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөн 1-р байранд Б.Сарантуяа дасгалжуулагчтай, Г.Батжаргал ахлагчтай Багануур дүүргийн 3-р хороо 62.5 оноогоор, 2-р байранд О.Батсаруул дасгалжуулагчтай Б.Баттулга ахлагчтай Налайх дүүргийн 5-р хороо 62 оноогоор, 3-р байранд Т.Дэмбэрэл дасгалжуулагчтай Б.Энхбаяр ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо 59.5 оноогоор тус тус шалгарчээ.

 

Наадмын шигшээ тэмцээн, нээлт, хаалтын ёслолын ажиллагааг нэгдсэн журмаар 2018 оны 11 дүгээр сарын 05, 06-ны өдөр “Буянт Ухаа” спортын ордонд 09:00 – 19:00 цагийн хооронд зохион байгуулж аваргуудаа тодруулах юм.

 

Энэ үеэр дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодын тус наадмыг дүүрэгтээ зохион байгуулсан байдал, нийслэлийн шигшээ тэмцээний төрлүүдэд оролцсон байдал зэргийг харгалзан байгууллагын нэгдсэн дүн гаргаж байр эзлүүлнэ гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.