“ЦОДГОР ХҮҮ-2014” өндөрлөлөө

0
516

IMG_3073Өсвөр насны багачууд, хүүхдүүдийг шатрын спортод өргөнөөр татан оролцуулж, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэн, тив дэлхийд өрсөлдөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 24 дэх удаагийн “Цодгор хүү” тэмцээнийг 2014 оны 01-р сарын 04-06-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сүүлийн жилүүдэд тэмцээн уралдаануудыг олноор зохион явуулсны үр дүнд шатраар хичээллэгч сургуулийн өмнөх болон бага ангийн сурагчдын тоо эрс нэмэгдсэн тул Улсын аварга шалгаруулах тэмцээний өмнө УБ хотын аварга шалгаруулах тэмцээнийг хагас шигшээ маягаар явуулах шаардлага зүй ёсоор гарч, энэ нь тэмцээний зохион байгуулалт, чанарт сайн нөлөө үзүүлэх болсон юм.

2011 оноос эхлэн УБ хотын аварга шалгаруулах тэмцээнийг Нийслэлийн БТСГазартай хамтран явуулах болсныг манай шатрын холбоод, шатраар хичээллэгч хүүхдүүдийн эцэг, эхчүүд, багш дасгалжуулагчид сайшаан дэмжиж байгаа билээ.

Тэмцээнийг удирдамжийн дагуу дараах ангилалаар зохион явууллаа:

  • 7 хүртэлх насны охид /2007.01.01-ээс хойш төрсөн/
  • 7 хүртэлх насны хөвгүүд /2007.01.01-ээс хойш төрсөн/
  • 8-9 насны охид /2005-2006 онд төрсөн/
  • 8-9 насны хөвгүүд /2005-2006 онд төрсөн/
  • 10-11 насны охид /2003-2004 онд төрсөн/
  • 10-11 насны хөвгүүд /2003-2004 онд төрсөн/

Тэмцээнд нийт 366 шатарчид  швейцари системээр 8 өрөг тоглов.

Тэмцээн: 2014 оны 01-р сарын 04-06-ны өдрүүдэд УБ хот, Монгол туургатны “Урамтай шатар”холбоо /БЗД-ийн 13-р хорооллын зүүн тийшхи чиглэлийн автобусны буудлын хажууд. “Шри шри амьдрах урлаг”төвийн 2-р давхарт амжилттай зохиогдож, ангилал тус бүрийн эхний 8 байр эзэлсэн шатарчдад /эхний 3 байр эзэлсэн шатарчдад алт, мөнгө, хүрэл медаль,/ 2014 оны 01 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Монголын хүүхдийн ордонд болох “ЦОДГОР ХҮҮ-2014” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх, өргөмжлөл, мөнгөн шагнал олгов.

Тэмцээнд 3 насны охид, хөвгүүдийн нийт 6 ангилал /7 нас: охид, 32, хөвгүүд 68, 8-9 нас: Охид 47, хөвгүүд 95, 10-11: охид: 43, хөвгүүд 81/-ын нийт 366 өсвөрийн шатарчид оролцлоо.