”Өдөр тутмын биеийн тамир – Өнөөгийн Нийслэлчүүдийн өнгө төрх” уриан дор нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвхи сонирхлыг дэмжих, иргэдийг эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах, спортын амжилтыг ахиулах зорилготойгоор Нийслэлийн иргэдийн спортын II  их наадмыг спортын 7 төрлөөр 5 үе шаттайгаар амжилттай зохион явуулж байна. Энэхүү наадмын нэг төрөл болох Гэр бүл тэмцээний нийслэлийн шигшээ тэмцээн дартс, багийн буухай, софт волейбол гэсэн 3 төрлөөр өнгөрсөн амралтын өдөр Хан-Уул дүүргийн спорт зааланд боллоо.

Тэмцээний анхан шатанд Нийслэлийн 9 дүүргийн 153 хорооны 459 тамирчин оролцсон. Шигшээ тэмцээнд Нийслэлийн 9 дүүргийн 9 багийн, 27 тамирчин – гэр бүлийн гишүүд ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 1-р байранд Баянзүрх дүүргийн 19-р хорооны аав Орхон, ээж Алтантуул, хүү О.Пүрэвбаатар, 2-р байранд Багануур дүүргийн 5-р хорооны аав Гантулга, ээж Болормаа, хүү Г.Тэргэл, 3-р байранд Налайх дүүргийн 2-р хорооны аав Баатархүү, ээж Тунгаамаа, охин Б.Алтанзул нар шалгарлаа.

Байгууллагын дүнгээр Баянзүрх, Багануур, Налайх, Сүхбаатар, Хан-Уул, Багахангай, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүд 1-ээс 9 дүгээр байр эзэллээ.

Наадмын Хийн дасгалын болон Олс таталтын нийслэлийн шигшээ тэмцээн 2013 оны 11 дүгээр сарын 02-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зааланд, Волейболын Нийлэлийн шигшээ тэмцээн 11-р сарын 08-09-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд, Сагсан бөмбөгийн нийслэлийн шигшээ тэмцээн 11-р сарын 16-17-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд тус тус болно гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here