Дэлхийн гимнастрада их наадамд оролцлоо

0
464

Дэлхийн гимнастрада их наадамд оролцлоо

 

          gym-2Дэлхийн улс орнууд иргэдэд биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг сурталчилан, биеийн тамираар хичээллэх ач холбогдлыг бодитоор сурталчилсан Дэлхийн гимнастрада их наадам Финляндын нийслэл Хелсинк хотноо 2015 оны 07 дугаар сарын 11-19-ний хооронд амжилттай зохион байгуулагдлаа.

        Дэлхийн 58 орны 21000 хүн оролцсон 5 дахь удаагийн Гимнастрада нийтийн гимнастикийн их наадамд Монгол улсаа төлөөлөн 36 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож, ахлагчаар манай байгууллагын ахлах мэргэжилтэн А.Болдмаа томилогдон ажлаад ирлээ.

     Манай улсаас дэлхийн хэмжээний энэхүү наадамд анх удаа олон хүний бүрэлдэхүүнтэй өөрийн гэсэн багийн тоглолт үзүүлбэртэйгээр амжилттай оролцлоо.

      Монголын багийн бүрэлдэхүүнд Монголын гимнастикийн холбооны Д.Оюунтуяа дасгалжуулагчтай тамирчид болон Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүргийн сургуулийн багш, сурагчид, гимнастикийн ахмад тамирчин, багш дасгалжуулагчид оролцсон нийт 36 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний бүжиг гимнастикийн дасгал хөдөлгөөн хосолсон 10 минутын зохиомжоор оролцлоо.

          Энэхүү арга хэмжээнд 1000-3000 хүний бүрэлдэхүүнтэй том цэнгэлдэх хүрээлэнгийн үзүүлбэрээр Финлянд, Япон, Герман ,Дани,  зэрэг 10 гаруй орнууд, 200-400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй заалны тоглолтоор 20 гаруй орнууд, 100 хүртэл хүний  бүрэлдэхүүнтэй  заалны тоглолтоор 30 гаруй  орны баг тамирчид оролцлоо.

       Гимнастрадаад оролцсон багууд тоглолтоо тус бүр 6 заал, гадаа 2  ил талбай, 45 мянган хүний суудалтай Хелсинкийн 1952 оны олимпийн тоглолт явагдаж байсан “Олимп” хэмээх том цэнгэлдэх хүрээлэнд тусгай хуваарийн дагуу тус бүр ээлжлэн 3 удаа нийтэд үзүүлж байлаа.

        Тус арга хэмжээнд оролцож байгаа болон үзэж сонирхож байгаа хэн бүхнийг гимнастикийн нэгдсэн “Дэлхийг хөдөлгөе” уриан дор дасгал хөдөлгөөн хийлгэж, хөдөлгөөнөөр  амьсгалуулж чадаж байсан нь гайхалтай байлаа.

           Манай баг тамирчид дасгалаа Хелсинк, Готобург, Дорнобург зэрэг 3 зааланд үзүүлсэн бөгөөд үзэгчид дүүрэн байлаа.

        Гимнастрадад оролцож байгаа улс орнууд өөрийн тоглолтын агууллга онцлогийг харуулсан танилцуулах хуудас гарган бусад багууд, иргэд үзэгчдэд сурталчилан тоглолтоо олон нийтэд сурталчилах ажил хийж олон үзэгчидийн анхаарлыг татаж чадсан сайшаалтай байсан.

           Энэхүү арга хэмжээнд оролцогчдод ялагдагч, ялагч гэж үгүй бөгөөд энэхүү арга хэмжээнд оролцож улс орныхоо туг далбайг мандуулж дэлхий дахинд таниулан сурталчилах нь чухал байлаа.