Нийслэлийн иргэд Спорт явган аялалаар өрсөлдлөө

0
543

НИЙСЛЭЛИЙН ИРГЭД СПОРТ ЯВГАН АЯЛАЛААР ӨРСӨЛДЛӨӨ

 

 

20170910_161927Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмын эхний төрөл болох Спорт явган аялалын тэмцээний V үе шат буюу Шигшээ тэмцээн 2017 оны 09 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд “Улаанбаатар- Баянзүрхийн товчоо- Налайх дүүрэг дэх “Номин” дэлгүүр – Налайх дүүргийн төв талбай – Ургах гаран хороолол- Баянзүрх хайрхан – Хар усан тохой – Улаанбаатар” гэсэн чиглэлээр аялахдаа машинаар 90 км, явганаар 20 км замыг туулж амжилттай явагдлаа.

Энэхүү наадмыг Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А\333 дугаар захирамжаар жил бүр спортын 8 төрлөөр, хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар 8 – 9 сарын турш зохион байгуулдаг билээ.

”Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт хүргэх” уриатайгаар Нийслэлийн хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвхи сонирхлыг дэмжих, Нийслэлийн иргэдийг хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, нийтийн биеийн тамирын хүртээмжийг нэмэгдүүлэх нь Нийслэлийн Иргэдийн спортын наадмын гол  зорилго юм.

Налайх дүүргийн Төв талбайд болсон нээлтийн ажиллагаанд Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Баттулга, дүүргийн Биеийн тамир, спортын хорооны  дарга Д.Мөнхбаяр нар оролцлоо.

Нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 117 баг тамирчид /баг тус бүр 6 эрэгтэй, 6 эмэгтэй, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй/ спорт явган аялалын тэмцээнд оролцохын зэрэгцээ “Газрын зураг дээр зай чиглэл тодорхойлох”, “Байгальд нуувч илрүүлэх”, “Холимог буухиа” /техник тактик, хөгжилтэй буухиа хосолсон/ гэсэн 3 төрлийн тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин амжилттай өрсөлдлөө.

Аялалын тэмцээнд ирц, аялах явц, сахилга бат, зохион байгуулалт, багийн бэлтгэл, хувийн бэлтгэл, эмийн сан, аялалын тэмдэглэл, байгаль орчин, отгийн ариун цэвэр, галын наадам, урлагийн тоглолт, бэлэг солилцох гэсэн үзүүлэлтийг харгалзан дүгнэж байр эзлүүллээ.

1-р байрт Ю.Батсайхан дасгалжуулагчтай, Л.Уянга ахлагчтай Баянзүрх дүүргийн 5-р хороо 118 оноогоор тэргүүлж цомын эзэн боллоо.

2-р байрт Б.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай, Б.Баттөр ахлагчтай Баянгол дүүргийн 22-р хороо 116 оноогоор удаалав.

3-р байрт Г.Тэмүүлэн дасгалжуулагчтай, Т.Хүдэрчулуун ахлагчтай  Багахангай дүүргийн  1-р хороо 115.5 оноогоор гутгаар байранд шалгарлаа.

4-р байранд Б.Хаштогтох дасгалжуулагчтай, Б.Энхбаяр ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо 115 оноо,

5-р байранд П.Идэрхангай дасгалжуулагчтай, С.Батбилэг ахлагчтай Налайх дүүргийн 2-р хороо 115 оноогоор,

6-р байранд Ч.Болдсайхан дасгалжуулагчтай, Ж.Алтантуул ахлагчтай Чингэлтэй дүүргийн 19-р хороо 111.5 оноогоор,

7-р байранд Б.Угтахбаяр дасгалжуулагчтай, З.Түвшинжаргал ахлагчтай Хан-Уул дүүргийн 8-р хороо 109 оноогоор,

8-р байранд Ж.Болдбаатар дасгалжуулагчтай, Г.Батжаргал ахлагчтай Багануур дүүргийн 3-р хороо 104 оноогоор,

9-р байранд А.Хоролсүрэн дасгалжуулагчтай, Ц.Цогт-Од ахлагчтай Сүхбаатар дүүргийн 18-р хороо 99.5 оноогоор тус тус шалгарлаа.

Тэмцээний ерөнхий шүүгчээр аялалын спортын мастер Ж.Энхтайван, эмч шүүгчээр спортын мастер Р.Энхцэцэг, спортын мастер Д.Далантай зэрэг туршлагатай шүүгчид хамтран ажиллалаа гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.