НИЙСЛЭЛИЙН ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН САГСАН БӨМБӨГ, ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН

0
638

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор Оюутан, залуучуудын дунд спортын 5 төрөлтийн тэмцээнийг волейбол, сагсан бөмбөг, дугуй, шатар, бүх нийтийн гүйлтийн төрлөөр, Нийслэлийн иргэдийн дунд спортын наадмыг явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал, аэробик, олс таталт, софт волейбол, волейбол, сагсан бөмбөгийн төрлөөр 2019.09.20-ны өдрөөс 2019.10.23-ны хооронд зохион байгуулж байна.

Оюутан, залуучуудын спортын тэмцээн:

Нийслэлийн оюутан, залуучуудын сагсан бөмбөг, волейболын тэмцээнийг 2019 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 02-ныг дуустал “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгууллаа. Сагсан бөмбөг, волейболын нийслэлийн шигшээ тэмцээнд 32 багийн 432 оюутан өрсөлдсөнөөс:

Сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэйчүүдээс О.Баярцогт дасгалжуулагчтай “Этүгэн” их сургуулийн баг 1-р байр, Ижилболд дасгалжуулагчтай “Отгонтэнгэр” их сургуулийн баг 2-р байр, Г.Ганзориг дасгалжуулагчтай Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн баг 3-р байр эзэлсэн бол эрэгтэйчүүдээс Б.Ганхуяг дасгалжуулагчтай “Их засаг” олон улсын их сургуулийн баг 1-р байр, Ижилболд дасгалжуулагчтай “Отгонтэнгэр” их сургуулийн баг 2-р байр, М.Амаржаргал дасгалжуулагчтай Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн баг 3-р байрт шалгарсан.

Волейболын төрөлд эмэгтэйчүүдээс Ундрал ахлагчтай Батбаатар ахлах дасгалжуулагчтай “Рояль” олон улсын дээд сургуулийн баг 1-р байр, С.Булгантамир ахлагчтай Б.Даваадаш ахлах дасгалжуулагчтай “Их засаг” олон улсын их сургуулийн баг 2-р байр, С.Будсүрэн ахлагчтай Ү.Ням ахлах дасгалжуулагчтай Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн баг 3-р байр эзэлсэн бол эрэгтэйчүүдээс Төрмандах ахлагчтай М.Бат-Очир ахлах дасгалжуулагчтай Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн баг 1-р байр, Нямсүх ахлагчтай Б.Даваадаш ахлах дасгалжуулагчтай “Их засаг” олон улсын их сургуулийн баг 2-р байр, Н.Насантогтох ахлагчтай Б.Хэрлэн ахлах дасгалжуулагчтай Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг 3-р байрт тус тус шалгарсан.

Дашрамд дурдахад Дугуйн тэмцээн болон бүх нийтийн гүйлтийг 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Хөшигтийн хөндий”-н хурдны зам дээр, Шатрын тэмцээнийг 2019 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд “Аврагч” спорт хорооны зааланд тус тус зохион байгуулна.

Нийслэлийн Иргэдийн спортын наадам:

Нийслэлийн Иргэдийн спортын наадмыг хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар 8 төрлөөр зохион байгуулна. Нийслэлийн Иргэдийн спортын наадмын анхан шатны тэмцээнүүд 2019 оны 09 дүгээр сарын 20-оос өмнө явагдаж, 2019 оны 10 дугаар сарын 05-20-ны хооронд урьдчилсан тоглолтууд явагдана. Нийслэлийн шигшээ тэмцээнийг 2019 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулна гэж Нийслэлийн Спортын хорооноос мэдээллээ.